“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу авсан мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нотлох баримт болно”
Шийдвэрийн дугаар: 2023 оны 6 дугаар сарын 08, №46
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
2025.01.02 Шийдвэрийн хураангуй: дугаар01
Шүүгдэгч А.Э нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хөөрөг” гэх газарт иргэн К.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар давсаг тус газарт нь өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэжээ.
Хохирогч К.Ж нь “...шүүгдэгчийн аав Б.А болон ээж З.Х нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал гэрчилсэн тул дахин шалгаж, хэргийн үнэн зөвийг шийдэж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь А.Э-н үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.А, З.Х нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан эрхийг нь тайлбарлаж, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсний үндсэн дээр мэдүүлэг авсан, шүүх тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх гэрч нарын мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар хянаж үзсэний үндсэн дээр бүхэлд нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж дүгнэн хохирогч К.Ж-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэт шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
|
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: https://shuukh.mn/