ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Тус аймгийн шүүх 1927 онд Богд Хан-Уул аймгийн шүүх нэртэй одоогийн Төв аймгийн Лүн суманд байгуулагдаж байсан.
Мөн ШУ-ны тэргүүний ажилтан Ш.Цэрэндоогийн судалж тодруулсан баримт, материалд 1923 оны 9 дүгээр сарын 23-нд хошуудын төлөөлөгчдөөс бүрдсэн аймгийн анхдугаар чуулган нээж (хурлын тэргүүн даргаар Пүрэвжав, дэд даргаар Бавуудорж, нарийн бичгийн даргаар Цэнд-Очир, Гэлэн-Ёндон нарыг сонгон хурал удирдуулж) Түшээт хан аймгийн чуулган даргаар дархан чин ван Пунцагцэрэнг хэвээр сонгон баталж Чуулганы дэргэдэх жасааг өөрчлөн аймгийн яам болгож захирах шийтгэх, цэргийн хэлтэс, албан татварын хэлтэс, зарга шийтгэх хэлтэстэй, хэлтэс бүрд эрхэлсэн түшмэл нэжгээдийн орон тоо тогтоож, эдгээр түшмэдийг жил бүр 6 сараар ээлжлэн суулгахаар сонгон баталжээ. 1923 оны 12 дугаар сард аймаг хошуудад зарга шийтгэх хэлтэс байгуулжээ. 1925 оны 12 дугаар сарын 17-нд “Түр цагийн шүүх таслах газар”-ыг байгуулжээ. 1926 оны 4 сарын 16-нд Аливаа шүүх таслах газрыг байгуулах дүрэм батлагдсан. Мөн оны 7 дугаар сарын 2-нд Аливаа хэргийг байцаан шийтгэх хууль батлагджээ.
1927 оны 1 дүгээр сарын 8-нд Богд хан уулын аймгийн Шүүх дарга, байцаагч, зарлага, галч 4 орон тоотой байгуулагджээ. Богд хан уулын аймгийн Шүүх таслах газрын даргаар Буянтын Бат-Очир томилогджээ. Гэжээ.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаас “ Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай” шийдвэрээр 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүх байгуулж, аймгийн яамны зарга шийтгэх хэлтсийг татан буулгажээ гэх мэт олон баримт материалыг дурдсан байдаг.
Эрдэмтэн, судлаач, түүхч хүмүүсийн бичиж туурвисан материалаас үзэхэд шүүхийн үүсэл эрт дээр үеэс улбаатай байж болох ч 1870 оноос урагш түүхэн баримтыг оруулалгүйгээр хойших баримт материалыг авч үзвэл 1870 оноос шүүх үүссэн байх түүхэн эх сурвалж байгаа нь Монголын шүүхийн үүсэл, хөгжил 140 гаран жилийн, орон нутаг, аймаг хошуунд 1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын дараа гаргасан баримт бичгээс харвал орон нутгийн шүүх 100 гаран жилийн түүхтэй байх материал Монголын сан хөмрөгт хадгалагдаж байдаг байна.
1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно гэж Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд заажээ.
Энэ дагуу Аймгийн шүүх нь Давж заалдах шатны шүүх, сум дундын 1,2 дугаар шүүх, Тамгын хэлтэс гэсэн бүтэцтэй байхаар зохион байгуулагдаж Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Рашзэвэг, Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Буянтогтох, Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Баяр нар томилогдож байжээ. 1992 оны Үндсэн хуулиас хойш шүүхийн тухай хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт орж тухайн шүүхийн дарга нь захиргааны удирдлага болон шүүн таслах чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлж, шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, шийдвэр гүйцэтгэх гэх мэт ажил үүргийг гүйцэтгэж ирснийг өөрчилж шүүн таслах ажлын чиг үүргийг Ерөнхий шүүгч, шүүхийн захиргаа, санхүү, боловсон хүчний асуудлыг бие даан шийдвэрлэж байх эрх бүхий байгууллагын тогтолцоог анх удаа бүрдүүлж Шүүхийн тухай хуулиар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож, аймгуудын шүүхийн Тамгын хэлтсийг бий болгож, захиргаа, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг шүүн таслах ажлын чиг үүргээс тусад нь болгосон явдал нь шүүн таслах ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх гол нөхцөл болж өгчээ. хооронд Нийгэм хөгжихийн хэрээр эрх зүйн шинэтгэл улам гүнзгийрч тэр дундаа шүүхийн шинэчлэлийн үзэл баримтлал эрс өөрчлөгдөж дэлхийн улс орнуудын шүүхийн хөгжлийн чиг хандлагад жилээс жилд улам ойртсоор байна.
2012 оны шүүхийн тухай хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар зааж, улмаар 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуульд зааснаар Сум дундын эрүү, иргэний 23 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх, шүүхийн Тамгын газар байгуулагдан ажиллаж байгаад 2015 оны шүүх байгуулах тухай хуулиар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар гэсэн бүтэцтэй болсон.
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдан Төв аймгийн 27 сум, жирийн, чанга дэглэмтэй 3 хорих анги болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг харьяалан шүүн таслах үйл ажиллагаагаа явуулахад нь Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар шүүн таслах үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Төв аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн даргаар 1992-1993 онд Г.Моононцагаан, 1993-1994 онд Б.Атарбаатар, 1994-1995 онд Б.Норовренчин, 1995-2012 онд Сэрээнэнгийн Бямбаа, Сум дундын 23 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн Тамгын газрын даргаар 2012-2016 онд Энхтайвангийн Чингис, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар 2016-2017 онд Наянбуугийн Чулуунжав, 2017-2020 онд Доржготовын Мөнхбат, 2020-2021 онд Доржсүрэнгийн Мөнхзориг нар ажиллаж байсан ба Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар 2022 оноос хойш Даваагийн Магвансүрэн ажиллаж байна.