ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОГТООЛ
2021.12.22 №01 Зуунмод
Тус шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, гомдол, санал, дүгнэлт,
хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг
тогтоох, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох
нарийвчилсан журмыг батлах тухай
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарыг оролцуулан Нийт шүүгчийн чуулганы хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг үндэслэн тус шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, гомдол, санал, дүгнэлт, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2, 19.2.5 дахь заалт, 19.8 дугаар хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Эрүүгийн хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг тогтоох, шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох тухай
1.1. Шүүхэд эрүүгийн хэрэг хүлээн авч шүүгчид хуваарилах, хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг нийт шүүгчдийн тоогоор сугалаагаар сугалсан дэс дугаарын дарааллаар томилсугай.
Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд сугалсан сугалааны дарааллаар:
- Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал
- Шүүгч Ш.Гандансүрэн
- Ю.Энхмаа
- Ж.Дэлгэрмөрөн
- Т.Батжаргал гэж байршуулж тойрог үүсгэсүгэй.
1.2. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэн Ш.Одонтунгалагт даалгасугай.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг нийт шүүгчдийн сугалсан сугалааны дэс дугаарын дарааллаар томилсугай.
Үүнд:
- Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал
- Ш.Гандансүрэн
- Ю.Энхмаа
- Ж.Дэлгэрмөрөн
- Т.Батжаргал
- Зөрчлийн хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ,
эд мөрийн баримт, албадан ирүүлэхтэй холбоотой гаргасан санал, дүгнэлт, хүсэлт шийдвэрлэх шүүгчийг томилох тухай
2.1. Нийт 4 шүүгчийг 1 тойрогт сугалаагаар сугалсан дараах дарааллаар 4 шүүгчид таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт бүрийг тойргоор ээлжлэн хуваарилж шийдвэрлүүлсүгэй.
Нэгдүгээр тойрог:
- Шүүгч Ж.Дэлгэрмөрөн
- Ю.Энхмаа
- Т.Батжаргал
- Ш.Гандансүрэн
2.2. Эд мөрийн баримт, албадан ирүүлэхтэй холбоотой гаргасан саналыг нийт шүүгч нарт энэ тогтоолын 1.1-д сугалаагаар сугалсан дэс дугаарын дарааллаар хуваарилж тойргоор хувиарласугай.
2.3. “Хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай” асуудлыг 2.1 –д заасан дарааллаар хянан шийдвэрлүүлсүгэй.
- Бусад
3.1. Шүүгч хуанлийн 14 /арван дөрөв/ хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, сургалттай, ээлжийн амралттай тохиолдолд хэрэг хуваарилахгүй бөгөөд энэ тохиолдолд түүнд өмнө нь хуваарилсан хэрэг буцаж ирвэл бусад шүүгчид системээс “Тойрог дотор санамсаргүй сонгогдох зарчим”-аар ердийн журмаар, ачаалал тэнцүүлж, тодорхой төрлийн хэрэг хуваарилах аргуудын аль нэгээр хуваарилсугай.
3.2. Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, сургалттай, ээлжийн амралттай зэрэг хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар тухайн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршуулсан нэрсийн дарааллаар шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнд оролцох өөр шүүгч томилж оролцуулсугай.
3.3. Шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон, эсхүл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх ашиг сонирхлын зөрчилтэй талаар гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол адил шатны өөр шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчдийн олонх нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлсүгэй.
- Хэрэг хуваарилах журмыг батлах тухай
4.1. “Тус шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, гомдол, санал, дүгнэлт, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг Шүүгчдийн Зөвлөгөөний тогтоолын хавсралтаар баталсугай.
4.2. Энэ тогтоолоор баталсан журмыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжүүлж ажилласугай.
4.3.Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүй болгосугай.
- Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа
5.1. Энэ зөвлөгөөний тогтоолоор шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг нийт шүүгчдийн сугалсан сугалааны дугаарын дэс дарааллын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар захирамж гаргаж албажуулсугай.
5.2. Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар энэ тогтоолын биелэлтийг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал зохион байгуулж ажилласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ш.ГАНДАНСҮРЭН
Т.БАТЖАРГАЛ
Ю.ЭНХМАА