Шийдвэрийн дугаар: 2023/ШЦТ/65
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.
2023 оны 02 сар 08-ны өдөр, шийдвэр-хураангуй: дугаар-1
Иргэн Ганбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 1 дүгээр байрны хойд талын барилгын хашаан дотор байсан М-н өмчлөлийн экскаваторын эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр Ганбаяр нь хохирогч М-н өмчлөлийн экскаваторын эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/84885?daterange=2023-01-01%20-%202023-05-22&id=1&court_cat=2&bb=1
Хураангуйг бэлтгэсэн: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Ш.Гандансүрэн