Газрыг зөвхөн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.03.04-ний өдрийн 123/ШШ022/0007
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2023.02.02. Хураангүй-1.
С нь эзэмшил газартаа тариалалт эрхлэхээр худаг, байрлах байр, нүхэн зоорь барихаар газар шорооны ажлыг эхэлж байхад нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Засаг даргаас “С нь жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар эзэмшүүлсэн газрын хэвлийг зоорь барих зориулалтаар ухаж хөндсөн, Засаг даргаас зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдэл өгөхөд зөрчлийг арилгаагүй, газрыг нөхөн сэргээгээгүй, тогтоосон хугацаанд хариу мэдэгдээгүй, тухайн газрыг үргэлжлүүлэн ухаж хөндөн Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон” гэжээ.
Газрын тухай хуулиар газар эзэмшигч нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй байна.
Шүүх С нь газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглах үүргээ биелүүлэлгүй зориулалт бусаар ашиглаж газарт хохирол учруулсан нь тогтоогдсон тул С-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн