Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны Монгол Улсын шүүхийн тайлан номыг гаргаж цахим болон цаасан хэлбэрээр хэвлэн нийтэлжээ. Энэ номын гурав дугаар хэсэг буюу Монгол улсын шүүхийн 2020 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнээс Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ачааллыг бусад ижил шатны шүүхүүдтэй харьцуулан үзлээ.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 1756 хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд болох Баянзүрх /5716 хэрэг/, Чингэлтэй /3906 хэрэг/, Сүхбаатар /3662 хэрэг/, Баянгол /4293 хэрэг/, Хан-Уул /4441 хэрэг/, Сонгинохайрхан /4448 хэрэг/, орон нутгийн шүүхүүдээс Хөвсгөл /2260 хэрэг/ -ийн дараа буюу нийт шийдсэн хэрэг маргааны тоогоороо улсын хэмжээнд 8 дугаарт, орон нутгийн хэмжээнд 2 дугаарт жагсаж байна. Харин нэг шүүгчид ногдох хэргийн тоо нь 439 байгаа нь бусад орон нутаг болон Нийслэлийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны нийт шүүхүүдтэй харьцуулахад ачааллаараа улсын хэмжээнд 1 дүгээрт жагсаж байна.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 онд 487 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болох Баянзүрх /2064 хэрэг/, Чингэлтэй /909 хэрэг/, Сүхбаатар /1028 хэрэг/, Баянгол /1046 хэрэг/, Хан-Уул /794 хэрэг/, Сонгинохайрхан /1245 хэрэг/-н дараа буюу нийт шийдвэрлэсэн хэргийн тоогоороо улсын хэмжээнд 7 дугаарт, орон нутгийн хэмжээнд 1 дүгээрт жагсаж байна. Харин нэг шүүгчид ногдох хэргийн тоо нь 105 байгаа нь бусад анхан шатны шүүхтэй харьцуулахад ачааллаараа улсын хэмжээнд 12 дугаарт, орон нутгийн хэмжээнд 5 дугаарт жагсаж байна.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2020 онд 47 захиргааны хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх /895/, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх /73/-ийн дараа буюу 3 дугаарт жагсаж байна. Харин нэг шүүгчид ногдох хэргийн тоо нь 15.7 байгаа нь бусад Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдтэй харьцуулахад ачааллаараа улсын хэмжээнд 5 дугаарт жагсаж байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 онд нийт 89 хэрэг шийдвэрлэсэн. Энэ нь бусад Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдтэй харьцуулахад шийдвэрлэсэн хэргийн тоогоор 11 дүгээрт, нэг шүүгчид ногдох хэргийн ачааллаараа Улсын хэмжээнд 18 дугаарт жагсаж байна.
Монгол Улсын шүүхийн тайлан (2020) номыг цахим хэлбэрээр үзэхийг хүсвэл доорх линк дээр дарж орно уу.
Төв аймаг дахь Шүүхийн тамгын газар