Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-н суурин төлөөлөгч хатагтай Тара Нил 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн шүүхэд айлчилж шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг нар хатагтай Тара Нилийг хүлээн авч уулзаж гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэм хэргийн талаар харилцан ярилцлаа.
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг тус уулзалтын үеэр Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц зохион байгуулалт, орон тоо, 2017-2019 онуудад тус шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг, түүний дотроос гэр бүлийн хүчирхийлэлтэй эрүү, зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн талаарх мэдээлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй эрүү, зөрчлийн хэргийн хохирогчийг насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөөнөөс шүүх хуралдааны танхимтай шууд холбож зайнаас хэрхэн оролцуулж байгаа талаар тус тус танилцуулав.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал тус шүүхээр шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн тухай танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэг гарсны дараа ажиллах биш гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хууль хэрэглээнд тулгардаг ойлголтын зөрүүг арилгах сургалтыг багийн засаг дарга, цагдаа, прокурор, шүүчдэд хийх зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.
ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР