ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТ ХАРИУЦСАН КОМПАНИ ГЭРЭЭНД ЗААСАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙН УЛМААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХАД НӨЛӨӨЛСӨН БОЛ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ ХАРИУЦНА
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2023/ШЦТ/151
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Ялтан Б нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хөндий” гэх газар Улаанбаатараас Булган аймаг явах чиглэлийн 159 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд ...тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж, замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчиж явсан 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийн тухайд Эрүүгийн хуулийн Хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд ялтан Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.", мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” дэх заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан үйлдэл;
Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасны улмаас хүний амь нас хохирсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүхээс зам засварын арчлалт хариуцсан "Т" ХХК-ыг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзсэн. Учир нь: Зам тээврийн хөгжлийн яам, "Т" ХХК-ны баталсан Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээнд заасан "Авто замд үзлэгийг хуваарь гарган тогтмол хийж, авто замын бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч ажиллана, хариуцаж байгаа авто замаа байгалийн гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээг урьдчилан авч ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг, хариуцан ажиллаж буй авто зам, замын байгууламжийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгаж, авто зам хэрэглэгчдийг техник ашиглалтын болон үйлчилгээний түвшин хангасан авто замаар үйлчлэх зорилготой" уг үүрэг, зорилгоо биелүүлээгүй, тухайн зам зорчих хэсгийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 "Зам ашиглалт хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна."-т үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас;
ялтан Б-ын тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь замын нүх таарсны улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулна гэж заасны дагуу зам засвар арчлалтын “Т" ХХКомпаниас шүүхээс хангаж шийдвэрлэсэн 31 403 035 /гучин нэгэн сая дөрвөн зуун гурван мянга гучин тав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 20% буюу 6 280 607 /зургаан сая хоёр зуун наян мянга зургаан зуун долоо/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж-д олгохоор шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Тойм бэлтгэсэн:Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал